Бразил 2014 ДАШТ-т олгогдох шагналуудын тухай

2014-06-24 14:55:38

Хүн төрөлхтний баяр цэнгэл болсон хөлбөмбөгийн ДАШТ энэ сарын 13-нд нээлтээ хийснээс хойш яг талдаа ороод байна. Хэсгийн шатны тоглолтууд шувтрахад ердөө хэдхэн тоглолт үлдэж, шөвгийн 16-ийн гал халуун оноолтууд фэнүүдийг хүлээж буй.

Тэгвэл хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр зөвхөн аваргын цомоос гадна ямар шагналууд байдаг, ямар ач холбогдолтой тухай мэдээллийг хүргэе.

 

Man of the match – Тоглолтын гол баатар

ДАШТ-ий тоглолт бүрт “Budweiser” брэнд шилдэг тоглогчийн шагналыг ивээн тэтгэж байгаа. Улс, лигийн ямар ч тоглолтод “Man of the match” шагнал олгогддог бол энэ удаагийн ДАШТ-ий шилдэг тоглогчийн шагнал ивээн тэтгэгчтэй болж буйгаараа онцлог.  Одоогоор энэ шагналыг 35 тоглогч хүртээд байгаа бөгөөд хамгийн сүүлд Мексикийн шигшээ багийн хамгаалагч Маркуэзэд эл шагнал очоод байна. 

Adidas Golden ball /Алтан бөмбөг/

Хөлбөмбөгийн ДАШТ-ий нэгэн нүүр царай болсон “Adidas” брэнд өөрсдийн нэрийн шагналаа “Adidas Golden ball” гэж нэрлэдэг. Тэд ДАШТ бүрт онцгой тоглолт үзүүлсэн шилдэг тоглогчид энэхүү шагналыг гардуулдаг уламжлалтай. Дөрвөн жилийн өмнө ӨАБНУ-д болсон ДАШТ-д энэ шагналын эзнээр Уругвайн довтлогч Диего Форлан нэрлэгдэж байлаа.

Уг шагналыг урьд нь  2006 онд Зинадин Зидан /Франц/, 2002 онд Оливер Канн /Герман/, 1998 онд Роналдо Лима /Бразил/, 1994 онд Ромарио/Бразил/, 1990 онд Счилачи /Итали/, 1986 онд Диего Марадона /Аргентин/, 1982 онд Паоло Росси /Итали/ нар тус бүр хүртсэн түүхтэй.

 

Adidas Golden boot /Алтан шаахай/

Мэдээж уг шагнал уламжлал болсоор олон жилийн ард гарчээ. ДАШТ-ий мэргэн буучдад олгогддог энэхүү хэргэмийг дөрвөн жилийн өмнө Германы багийн залуу од Томаш Мюллэр өөрийн болгосон байдаг. Алтан шаахайн эзний өрсөлдөөнд энэ онд мөн л Томаш Мюллэр хүчтэй өрсөлдөх магадлалтай байна.

Adidas Golden glove /Алтан бээлий/

Хаалгач нарт олгогддог уг шагналын эзнээр ДАШТ-ээ гутамшигтайгаар дуусгаад буй Испанийн хаалгач Икер Касияс дөрвөн жилийн өмнө тодорч байлаа. Хамгийн шилдэг хаалт хийж, цөөн гоол алдсан хаалгач нарын гавьяаг үнэлэн олгодог уг шагнал энэ жил хэний бэлийнд очих вэ гэдэг асуулт үлдээд байна.

Hyundai young player /Шилдэг залуу тоглогч/

ДАШТ бүр аливаа улс орны залуу тоглогчоо  дэлхий нийтэд тунхаглах боломж байдаг. Тиймдээ ч “Hyundai” корпорацийн нэрэмжит шилдэг залуу тоглогчийн шагнал олны анхаарлыг эрхгүй татдаг уламжлалтай. Энэ шагналыг дөрвөн жилийн өмнө мөн л Томаш Мюллэр авч байсан бол өнөө жил арай өөр хүнд очих билээ.

Fair Play Award /Цэвэр тоглолтын шагнал/

Хамгийн цэвэрхэн тоглолт үзүүлж, алдаа бага гарган цөөн карт хүртсэн тоглогчдод очдог уг шагналыг дөрвөн жилийн өмнө Испанийн багийн хамгаалагч Карлос Пуэль авч байлаа. Одоо тэрбээр шигшээ багаасаа зодог тайлж, гавьяаныхаа амралтад суужээ.

Энэ жилийн Бразилд болж буй ДАШТ-ий “Fair Play Award” хэний гарт очих бол.

 

 

Т.Бат

 


Нүүр хуудас