Обамаг хөлбөмбөгчтэй андууран зургийг нь аяган дээр хэвлэжээ

2014-06-24 14:20:00

Бразилын нэгэн хувийн компани ДАШТ-ий үеэр ноцтой алдаа гаргав. Нэр нь тодорхойгүй компанийнхан сэнжтэй аяган дээр ДАШТ-ий шигшээ багуудын тамирчдын зургийг хэвлэх үед Английн багийн хамгаалагч Крис Смолингийн зургийг Барак Обаматай андуурав.

Тэд аяган дээр АНУ-ын ерөнхийлөгчийн зургийг хэвлэж, тэр бүү хэл Английн шигшээ багийн хөлбөмбөгийн нэгдүгээр өмсгөлтэйгээр эвлүүлжээ. Компани ийм нэртэй аяга 2000 ширхэгийг хэвлэсэн гэнэ.

 

“Гурван Арслангууд” гэгддэг Английн шигшээ баг ДАШТ-ээ өндөрлүүлсэн хэдий ч тэдний фанатууд Бразилын дэлгүүр, худалдааны төвүүдэд багтайгаа холбоотой элдэв дурсгалын зүйлсийг худалдан авсаар байна.

 

Тэгвэл чухам яагаад Цагаан ордны тэргүүнийг Манчестер Юнайтедын хамгаалагч Смолинг хэмээн бичиж, үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа ч энэ тал дээр америкчууд тун эгдүүцэлтэй хандаж байгаа аж.

 

“Твиттер”, “Фэйсбүүк” зэрэг цахим орчинд энэ явдлын тухай эсэргүүцлээ илэрхийлсэн хэрэглэгчдийн тоо цаг тутам нэмэгдсээр байна.

 

 Дашрамд дуулгахад, нэр баримтын ноцтой алдаатай хэвлэгдсэн тус аяга ердөө нэг ам.доллараар борлуулагдаж буй аж.

 

Т.Бат

 


Нүүр хуудас