Бельги Оросыг гомдоож, Өмнөд Солонгосчууд Алжирт ялагдав

2014-06-23 12:07:03

Хүн төрөлхтний их баяр цэнгэл хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд явагдаж байна. Өчигдөр болсон эхний тулаан энэ ДАШТ-ий “битүү морь” Бельгийн эсрэг Орос “ах нар” тоглосон сонирхолтой тулаан байлаа. ОХУ-ын бүрэлдэхүүнд Шатов, Самьедов, Комбаров зэрэг ур чадвар тэнцүү тамирчдаа Бельгийн эсрэг илгээсэн байв. Тоглолтын эхнээс Бельгийн шигшээ баг дундын шугамд илүүрхэж байсан ч Оросууд үе үе сөрөг довтолгоо явуулж, аюултай цохилт хийсэн.

Бельгийн шигшээ багийн Эден Хазардын эсрэг давхар хамгаалалт тавьсан байсан тул нөгөө жигүүрт Мертенс хэмээх авьяаслаг эрээр довтолгооогоо явуулж байлаа. Эхний үед Оросын баг хоёр ч аюултай довтлогоо хийсэн бол Бельгиүүд хаалгаа чиглэсэн 5 цохилт гүйцэтгэсэн. Оросын багийн дасгалжуулагч Фабио Капелло тоглолтын эхнээс багаа довтолгоон бус хамгаалалтад барьж байсан юм. Харин Бельгийн дасгалжуулагч Велмоц жигүүрт суурилсан, тэр дундаа Мертенсд довтолгоог гүйцэтгэх үүргийг оноосон байв. Тэр ч даалгавраа амжилттай биелүүлж Оросын баруун жигүүрийн хамгаалалтыг хэд хэдэн удаа сэтэлсэн ч гоол хийж чадсангүй.

Хоёрдугаар үед багууд нээлттэй тоглож ээлж дараалан довтолгоо гүйцэтгэж эхлэв. Оросын шигшээ баг хөндлөн дамжуулалт, стандарт цохилтоос хэд хэдэн аюултай цохилт хийсэн ч Белгийн шигшээ багийн хаалгач Тибо Куртуа найдвартай байлаа.

 

Тоглолтын 82 дахь минутад ОХУ-ын шигшээ багийн довтлогч Алан Загаев орж ирснээр тэдний довтолгоо сайжирч эхэлсэн ч Бельгийн хамгаалалтыг сэтэлж чадахгүй л байлаа.

 

Хоёр багийн тулаан эхэлснээс хойш Бельгийн шигшээ багийн довтлогч Ромелу Лукаку тун хангалтгүй тоглолт үзүүлсэн тул хоёрдугаар үе эхлээд түүнийг Ориги хэмээх залуу тамирчнаар сольсон. Солилцоо ч нүдээ олж тоглолтын 88 дахь минутад Бельгиүд тоглолтын цорын ганц хожлын бөмбөгийг оруулснаар хэсэгтээ нэг ч хожигдолгүй 6 оноотой тэргүүлж байна. Тэд дараачийн тулаанаа Өмнөд Солонгостой хийх бөгөөд хожсон тохиолдолд хэсгээс нэгээр гарах эсэхээ шийднэ. Энэ тоглолтын шилдэг тоглогчоор гоолын дамжуулалт өгсөн Эден Хазард нэрлэгдлээ.

 

Алжир сул өрсөлдөгч биш гэдгээ харуулав

 

Энэ хэсгийн нөгөө тоглолт Алжир, Өмнөд Солонгосын хооронд өрнөлөө. Алжирын багийн хувьд хожигдох эрхгүй тулаанаа хийсэн бол Азийн төлөөлөл БНСУ-ын шигшээ баг ч сайн үр дүнтэй байгаагүй. Өмнөд Солонгосчууд Оростой оноо хувааснаар даалгавар хүндэрсэн гэхэд болно. Харин Алжир хэсгийн эхний тулаандаа Бельгид хожигдсон тул энэ тоглолтод зөвхөн ялалт хэрэгтэй байлаа.

Аль аль нь хожигдох эрхгүй байсан тул тоглолт эхнээсээ нээлттэй явагдсан. Алжирчууд алдах зүйлгүй гэсэн шиг тоглолтын 26 дахь минутад нээлтийн гоолыг хийж, Халичэ, Жабу нар дараалан гоол оруулав. Шоконд орсон Өмнөд Солонгосын баг олигтой довтолгоо өрнүүлж чадалгүй, хэд хэдэн боломж хийсгэв.

Өмнөх тоглолтдоо “азаар” шахам гоолдсон Өмнөд Солонгосчууд маш тааруухан үр дүн үзүүлсэн гэхэд болно. Тэд хоёрдугаар үеийн 50 дахь минутад тооны харьцааг ойртуулсан ч Алжирийн шуурган довтолгоо дахиад л нүдээ олж Брахими 4:1 болгов. Үр дүн нэгэнт тодорхой болсон үед буюу 72 дахь минутад БНСУ-ын баг оройтсон гоол хийсэн юм. Ингэснээр Энэ хэсгийг Бельги хожигдолгүй зургаан оноотой тэргүүлж, Алжир 3, ОХУ, БНСУ тус бүр нэг оноотой бичигдэж байна.

 


Нүүр хуудас