Месси багтаа ялалт авчирч, Клосе ДАШТ-ий дээд рекордыг давтлаа

2014-06-22 13:52:30

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн хоёр дахь шатны тоглолтууд үнэхээр сонирхолтой явагдаж байна. Урд шөнө F хэсгийн Аргентин-Иран, Нигер-Босни Герцегойн болон G хэсгийн Герман-Ганын шигшээ багууд тоглолоо. Аргентины эсрэг төдийлөн хүчтэй байж чадахгүй хэмээн таамаглаж байсан Иранчууд гайхалтай тоглолт үзүүлсний эцэст 1-0-ээр хожигдлоо. Тэд маш сайн хамгаалалт үзүүлж, аргентины довтлогчдыг “ажилгүй” болгох дөхсөн юм. Гэхдээ Лионел Месси тоглолтын сүүлийн мөч буюу 90+1 минутад гоолдсоноор багтаа хожлын гурван оноог авчирсан. Өчигдрийн тоглолтуудаас мөн Герман-Гана хоёрын тоглолтыг онцлохгүй байхын аргагүй. Гайхалтай тоглолт болж, хоёр баг 2-2-оор тэнцсэн. Энэ тоглолтод Германы шигшээ багийн “амьд домог”-уудын нэг Мирослов Клозе гоолдсоноор ДАШТ-ийн бүх цаг үеийн түүхэн дээд рекордыг давтаж байна. Тэрбээр ДАШТ-ий хүрээнд карьерынхаа туршид нийтдээ 15 гоол оруулж байгаа юм. Түүнтэй адил дээд амжилтыг Бразилын алдарт Роналдо ганцаар эзэмшдэг билээ. Клозе энэ ДАШТ-д цаашдаа дахин гоол оруулбал, дээд амжилтыг эвдлэх боломжтой.

Өчигдөр болсон тоглолтуудын хүрээнд F хэсгийн Босни Герцегойн болон Нигерийн шигшээ багуудын тулаан мөн л сонирхолтой явагдлаа. Гэхдээ энэ тоглолтод ДАШТ эхэлснээс хойш шүүмжлэл дагуулж буй шүүгчийн асуудал мөн л гарч ирсэн. Тоглолт эхлээд удаагүй байхад Босни Герцегойны шилдэг довтлогч Эдин Жеко гоё дамжуулалтаар сугаран гарч ирж, гоолдсон ч хажуугийн шүүгч отон тоглолт гэж заасан. Харин удаашруулсан бичлгээс харвал отон тоглолт биш болох нь илт мэдэгдэж байсан юм. Үүнээс төд удалгүй Нигерийн шигшээ багийн довтлогч Оденвингэ эсрэг багийн талбайнхаа 16 шугамын дотор бүдүүлэг алдаа гаргасан ч шүүгч шүгэл үлээсэнгүй. Харин Босни Герцегойны хамгаалагчид шүүгчийн шүглийн дууг хүлээж, тоглолтоо түр зогсоох үед Оденвингэ хаалга руу цохиж гоол оруулсан. Энэ нь хоёр багийн тоглолтын туршид орсон цорын ганц гоол боллоо. Ингэснээр Босни Герцегойны шигшээ баг хоёр дахь хожигдлоо хүлээлээ. Өөрөөр хэлбэл, гэртээ харих тийзээ өвөтрөллөө. 

 

Тоглолтын дараа хэн юу хэлэв   

 

Аргентин – Иран  /1-0/

Аргентины шигшээ багийн дасгалжуулагч Сабелла: Месситэй байхад боломжгүй зүйл үгүй

 

-Хүнд тоглолт боллоо. Иран олуулаа маш сайн хамгааллаа. Эхний хагаст бидэнд гоолын 4-5 маш сайхан боломж байсан. Харин хоёрдугаар хагаст Ираны сөрөг довтолгоо биднийг жаахан эвгүйтүүллээ. Иран бол хүчирхэг баг, багаараа ч маш сайн ажиллаа. Гэхдээ Месси бол маш хүчирхэг байж чадлаа. Түүнтэй байхад боломжгүй зүйл гэж байхгүй шүү дээ.  

 

Ираны шигшээ багийн дасгалжуулагч Куэроз: Хоёр хүн л тоглолтыг өөрчилчихлөө 

 

-Хоёр хүн л тоглолтыг өөрчилчихлөө. Нэг нь Messi, нөгөөх нь шүүгч. Шүүгчийн шударга шүүлт л бидэнд хэрэгтэй байсан шүү дээ. Шүүгч хажууханд нь байсан нь хэрнээ алдааг алдаа биш гэж заасан нь үр дүнг нөлөөллөө. Гэхдээ би залуусаараа бахархаж байна.

 

Герман – Гана /2-2/

Германы шигшээ багийн дасгалжуулагч Йохан Лё: Хэт нээлттэй байсныхаа горыг амслаа  

 

-Манай тоглогчид цаг агаарын байдлаас хамааран жаахан ядарлаа. Бид үргэлж довтолгоо зонхилсон тоглолт харуулахыг зорьдог. Харин хэт нээлттэй байсныхаа горыг амсаж, 2 гоол алдчихлаа. Цаашдаа ийм алдаа гаргаж болохгүй. Учир нь довтолгоо, хамгаалалт аль аль нь чухал.

 

Л.Дэлгэр

 

 


Нүүр хуудас