Коста Рика Английн мөрөөдлийг живүүлж, Францууд гоолын хур буулгав /тойм/

2014-06-21 08:35:26

Итали 0:1 Коста Рика

 

Нарлаг Бразилд үргэлжилж буй хүн төрөлхтний их баяр цэнгэл хөлбөмбөгийн ХХ дахь удаагийн ДАШТ-ий ээлжит тоглолтууд явагдлаа.

 

Энэ өдрийн эхний тоглолт Коста Рика Италийн хооронд явагдсан юм. “Үхлийн” гэгдэж  байсан тус хэсэг маш хүнд өрсөлдөгчид багтсан бөгөөд хамгийн тааруу гэгдэж байсан Коста Рика хэсгийн нэгээр гарч том сенсаци тарив.

 

Тэд эхлээд Уругвайг 3:1-ээр хожсоны дараа Италийн багтай өчигдөр нүүр тулсан. Чезар Паренделагийн хөвгүүд Коста Рикагийн тамирчдыг шахаж, анасан тоглолт үзүүлсэн нь эхний үеийн 10-аад минутад ажиглагдсан юм. Гэсэн хэдий ч Азуричууд Төв Америкийн энэ жижигхэн орны шигшээ багийг дутуу үнэлжээ. Челинигийн удаа дараалсан алдаа, Пирлогийн хаяггүй дамжуулалт Марчисиогийн үр бүтээлгүй тоглолт, Балотелигийн зөрүүд зан Италийг эхний 20 минутад ямар ч тоглолт гаргаж чадахгүйд хүргэсэн.

 

Эсрэг Коста Рикагийн Брайн Руйз гэх эр үнэхээр ид шидийн мэт байлаа. Английн Фулхэм клубт тоглодог тэрбээр Италийн хамгаалалтыг бусниулж байлаа. Инлер, Бехрами гэсэн Европт хүчин зүтгэдэг залуус Италийн довтолгоог цаг тухай бүрт нь няцаасаар, 45 дахь минуттай золгов. Гэтэл Брайн Руйзын гайхалтай мөргөлт унтаа Италичуудын хаалганы торыг хөдөлгөж Коста Рика тэргүүлсэн юм.

 

Үүнээс өмнө Коста Рикагийн тамирчныг Италичууд 16-ийн шугамд унагасан ч шүүгч пенальти заагаагүй юм. Давталтыг удаашруулан харвал яах аргагүй алдаа байсан бөгөөд Италийг ийнхүү нэг удаа шүүгч аварлаа.

 

Хоёрдугаар үед Италийн шигшээ баг өмнөхөөсөө бүр ч тааруухан тоглолтыг үзүүлсээр үр дүнд нөлөөлж чадалгүй хожигдлоо. Хэсгийн өмнөх тоглолтдоо Уругвайг буулган авсан Коста Рикачууд ДАШТ-ий хэсгийн тоглолтуудад тун амжилттай байж шилдэг 16-н багт өөрсдийн хүчин зүтгэлээр орж ирлээ. Харин Англичуудын хувьд энэ хоёр багийн тоглолтоос бүх зүйл шалтгаалах байсан бөгөөд Италийн баг Коста Рикаг хожсон тохиолдолд хоёр удаа ялагдаад байсан Англид багахан боловч боломж нээгдэх байв. Гэтэл Коста Рикачууд үүнийг зөвшөөрсөнгүй, Европын төлөөлөл Италийг Будант Альбионы хөвгүүдэд туслахыг таслан зогсоож өөрсдийнхөө амжилтад эзэн суулаа.

 

- Коста-Рикагийн шигшээ багийн довтлогч Брайн Руйз тоглолтын эхний гоолийг 45 минутанд оруулав  -

- Бразил 2014 | D Хэсгийн тоглолт | Итали vs Коста-Рика | 2014.06.21 00:46 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

Францын шигшээ баг Рибери, Насригаар дутахгүй

 

Францын шигшээ баг хэсгийн ээлжит тоглолтоо Швейцарийн багтай хийлээ. Энэ хоёр баг урьд нь 30 гаруй удаа таарч тоглож байсан эртний танилууд юм. Гэхдээ Латин Америкт хүрэлцэн ирсэн францчууд хуучны нөхөртөө хатуухан хандаж, хаалганд нь таван гоол оруулав. Швейцарьчууд Францын эсрэг давгүй тоглодог үзүүлэлттэй боловч Бразилын Арена Фонте цэнгэлдэхийн ногоон талбайд Гурван өнгөтнүүд илүү нь байсан. Тоглолтын эхний гоолыг 17 дахь минутад Швейцарийн хамгаалалтын алдааг ашиглан оруулсан бол үүнээс ердөө 22 секундын дараа Францын жигүүрийн хамгаалагч Матиуди гоолдов.

 

Францууд хэсгийн өрсөлдөөндөө тун дээгүүр яваа учир Швейцарьт хэрэггүй оноо алдахыг хүсээгүй бололтой.

 

Эхний үеийн төгсгөлд Францууд дахин нэг гоол хийснээр Швейцарийг хоёрдугаар үед талбайд гарах итгэлийг нь хугалсан явдал болов. Гэдхээ Швейцарийн баг хоёрдугаар үед дажгүй тоглолт үзүүлэхийг хичээсэн ч Францын баг дахин гоолын хур буулгаж орхив. Бензема, Валбуэна, Сиссоко нарын гоолууд Швейцарийг дахин сэхэхгүй болтол унахад хүргэсэн билээ.

 

Хэдий багийн лидер Рибери шигшээ багтаа бэртлийн улмаас багтаагүй ч Францын шигшээ баг тун өнгөтэй хэсгийн тоглолтууддаа өнгөрүүлж байна.

 

-Францын шигшээ багийн тоглолтч Олив Жеру багийнхаа эхний гоолыг хийсний дараа  -

- Бразил 2014 | E Хэсгийн тоглолт | Швейцари vs Франц | 2014.06.21 03:19 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

- Францын жигүүрийн хамгаалагч Матиуди  тэмцээнийг хоёрдахь гоолыг хийв (Зургийн голд)-

- Бразил 2014 | E Хэсгийн тоглолт | Швейцари vs Франц | 2014.06.21 03:19 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

- Францын шигшээ багийн довтлогч Карим Бензема тоглолтын дөрөв дэх гоолыг оруулсны дараа -

- Бразил 2014 | E Хэсгийн тоглолт | Швейцари vs Франц | 2014.06.21 04:10 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

Эквадор боломжоо хадгалж үлдлээ

 

Өнөөдрийн хамгийн сүүлчийн тоглолт Эквадор Гондурасын хооронд өрнөж Эквадор маш том ялалт байгууллаа. Тэд урьд нь хэсгийн тоглолтоо Швейцарьтай хийж 2:1-ээр ялагдаад байсан тул энэ удаа ДАШТ-ийг нэг мөсөн орхихгүйн тулд хожигдох эрхгүй байлаа.

 

Эквадор ч үүргээ маш сайн биелүүлж тоглолтын эхний үед сайтар довтолж байсан. Гэвч Гондурас тооны харьцааг нээлээ.

 

31 дэх минутад Костли гоолдсоны дараа Эквадорын багийн довтлогч Валенсиа 34 дэх минутад тэнцүүлж Гондурасчуудыг гомдоолоо. Ингээд өнөөх Валенсиа 65 дахь дах минутад өөрийн нэрээ гоолын самбарт бичүүлэх нь тэр. Гондурасын хаалганд дубль хийсэн Валенсиа багтаа хожил авчир, хатуу ширүүн “E” хэсэгт амь мултралгүй зууралдан үлдэж чадсан юм.

 

Ингэснээр тус хэсгийг Гурван өнгөтнүүд буюу Францууд 6 оноотой тэргүүлж буй бол нэг хожилтой Эквадор, Швейцарь нар удаалж Гондурас нэг ч оноогүй сүүл мушгиж байна. Эквадор Швейцарь нарын хэн нь ДАШТ-аа цааш үргэлжлүүлэхийг энэ хэсгийн сүүлчийн тойрог шийднэ.

 

Т.Бат

 

- Эквадорын багийн довтлогч Валенсиа хоёр гоол оруулан багтаа хожил авчирлаа -

- Бразил 2014 | E Хэсгийн тоглолт | Эквадор vs Гондурас | 2014.06.21 07:30 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 


Нүүр хуудас