Коста Рикачууд хөлбөмбөгийн гайхамшгийг мэдрүүллээ: Итали 0:1 Коста Рика

2014-06-21 02:02:21

- Коста-Рикагийн шигшээ багийн довтлогч Брайн Руйз тоглолтын эхний гоолийг 45 минутанд оруулав  -

- Бразил 2014 | D Хэсгийн тоглолт | Итали vs Коста-Рика | 2014.06.21 00:46 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

Ердөө дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцож буй Коста Рикагийн баг ДАШТ-ий дөрвөн удаагийн аварга аугаа Италийн багийг нэг гоолын зөрүүгээр буулган авлаа. Нэгдүгээр үеэс л “нэг л өөр” тоглолт үзүүлж эхэлсэн Коста Рикачууд тоглолт эхэлснээс хойш хэд хэдэн аюултай довтолгоо зохион байгуулсны хүчинд 45 дахь минутад Брайн Руйз толгойгоороо гайхалтай гоол оруулснаар тэргүүлсэн.

 

Тэд ч хоёрдугаар үед давамгайллаа алдахыг хүссэнгүй. Үе үе Марчисио, Челиниг сандаргаж байсан Коста Рикагийн довтолгооны шугам дахь гурван тоглогчийг магтахгүй байхын аргагүй.

 

Энэ удаагийн тоглолтын гол баатраар яах аргагүй Брайн Руйз нэрлэгдэнэ. Тэрбээр талбайд 82 минут тоглохдоо 35 ашигтай дамжуулалт өгч, нэг гоол оруулсан бөгөөд хаалга руу хоёр ч удаа аюултай цохилт хийж чадсан.

 

Эсрэгээр Италийн шигшээ багийн Марио Балотели маш хангалтгүй тоглолт үзүүлэв. Тэрбээр ирсэн дамжуулалтуудыг хаалга руу чиглүүлэн цохиж чадалгүй байсаар цаг дуусгаж байна.

 

Одоо Италичууд хэсгийн нөгөө баг Уругвайн шигшээтэй хэн нь хоёроор гарах вэ гэдгийг шийдэх чухал тулаан хийнэ. Харамсалтай нь саяны тоглолтод ач холбогдол өгч байсан Английн фанатуудад ямар ч найдвар үлдсэнгүй. Коста Рика 6 оноотой болсноор Уругвай, Италийг орхин хэсгээ нэгээр тэргүүлэн гарч байна.

 

Коста Рика шуугиан тарьж чадлаа. Тэд түүхэндээ асар том гавьяа байгууллаа. ДАШТ-ий гурван дэлхийн аваргатай нэг хэсэгт орсон Коста Рика хоёрыг нь мулталж, “бид өрсөлдөгч мөн” хэмээн чанга дуугаар хэллээ.

 

Т.Бат

 

- Тоглолтын анхны бөгөөд цорын ганц гоол орох мөч -

- Бразил 2014 | D Хэсгийн тоглолт | Итали vs Коста-Рика | 2014.06.21 00:45 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

- Коста-Рикагийн шигшээ баг гоолын баяраа тэмдэглэж байна  -

- Бразил 2014 | D Хэсгийн тоглолт | Итали vs Коста-Рика | 2014.06.21 00:47 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

Тоглолтын үзүүлэлт


Нүүр хуудас