Суарез дубл хийж, Англи хүнд байдалд оров /Бразил 2014.06.20 тойм/

2014-06-20 09:53:38

Шилдэг 16-д тавтай морил Колумб

Зургаадугаар сарын 20-ны 00 цагт эхэлсэн эхнийн тоглолт Колумб, Зааны ясан эргийн хооронд боллоо. Колумбын шигшээ багийн хувьд өмнө нь Грекийн шигшээ багийг буулган аваад байсан бол Зааны ясан эргийн баг Японы шигшээг хожоод байсан юм. Хэсгээ тус бүр 3 оноотой тэргүүлж байсан хоёр багийн аль хожсон нь дараагийн шатанд буюу шөвгийн 16-д шалгарах бүрэн боломжтой болох байсан юм.

С хэсгийн хувьд энэ дэлхийн аваргын хамгийн сул хэсгээр нэрлэгдэж байгаа. Тэр ч утгаараа энэ хэсгийг Колумбын шигшээ баг тэргүүлж байлаа. Шүүгч шүглээ үлээн хоёр багийн тоглолт эхэлсэн юм. Гэхдээ эхний хагаст аль ч баг нь гоол оруулалгүй хуурай тэнцсэн юм.  Харин хоёрдугаар 45 минут эхэлж 64 дэх минуттай золгож байхад Колумб тоглогч Хамес Родригес эхний гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд шигтгэсэн. Тооны харьцаа 1:0. Улмаар эхний гоолоос ердөө 6 минутын дараа Квинтеро торыг хөдөлгөв. Ингээд Колумб 2:0 болгож тэргүүллээ улам баталгаажуулсан юм.

Харин хоёр дахь гоолоос 3 минутын дараа буюу 73 дахь минутад Жервиньо багийнхаа нэр төрийн гоолыг оруулснаар тоглолт өндөрлөлөө. Ингэснээр Фалкаогүй Колумбын шигшээ баг дараагийн шатанд шалгарах тасалбараа авлаа.

Харин энэ хэсгийн нөгөө хоёр баг болох Япон, Грекийн тоглолт 0:0-ээр гоолгүй тэнцсэн байна.

 

Англи дахин “азгүйтлээ”

 

Үхлийн хэсэгт багтан эхний тоглолтдоо хожигдсон хоёр багийн тоглолт 03 цагт болсон юм. Энэ бол Англи болон Уругвай. Английн шигшээн хувьд эхний тоглолтдоо Италийн шигшээд 2:1-ээр хожигдсон бол Уругвайн баг Коста Рикад 3:1-ээр хожигдсон. Тиймээс аль хожигдсон баг нь дэлхийн аваргыг өндөрлүүлэх маш өндөр магадлалтай болоод байсан юм. Тэр утгаараа хоёр баг жинхэнэ “амиа” тавьж тоглолоо.

Гэмтлийн улмаас эхний тоглолтыг өнжсөн Ливерпүүлийн “од” Луис Суарез энэ тоглолтод гарааны бүрэлдэхүүндээ эргэн ирсэн. Энэ бол Уругвайн хувьд гайхалтай сайн мэдээ, харин Английн хувьд маш муу мэдээ болсон юм.

Шүүгч эхний шүглээ үлээлээ. Улмаар 39 дэх минут хүртэл гоол ороогүй юм. Харин 39 дэх минутад Английн хувьд маш муу мэдээ болоод байсан Луис Суарез багийн анд Эдисон Каванигийн дамжуулалтаар мөргөж, тооны харьцааг 1:0 болгон Уругвай тэргүүлж эхэлсэн. Ингээд эхний үе дууссан. Харин хоёрдугаар үеийн цаг 75 дахт минутыг заах үед Глен Жонсон дамжуулалт хаян түүнийг Уэйн Рүүни “чулуу” болгон тоог тэнцүүлсэн. Тооны харьцаа 1:0. Гэхдээ энэ тэнцээ удаан үргэлжилсэнгүй. 85 дахь минутад Английн шигшээн ахлагч Каванитай бөмбөгөнд үсэрсэн боловч тэр нь Суарезэд дамжуулалт болсон юм. Түүнийг нь ч Английн мэргэн бууч ашиглан 2:1 болгосон. Улмаар шүүгч сүүлийн шүглийг үлээснээр Уругвай дэлхийн аваргын эхний хожлоо авсан. Харин Англи “азгүй” гэсэн муу цувралаа үргэлжлүүлсэн юм.

Гэхдээ онолын хувьд Англи дараагийн шатанд шалгарах боломж бий.  Өөрөөр хэлбэл, маргааш болох Итали Коста Рикагийн багуудын тоглолтоос бүх зүйл хамаарна. Хэрвээ Коста Рика хожигдвол Англи болон Уругвай сүүлийн тоглолтоо амь тавина. Харин Италийг Коста Рика буулган авбал энэ хэсгээс англи албан ёсоор хасагдаж байгаа юм. Харин Уругвайн хувьд боломж байгаа хэвээр үлдэнэ. Сүүлийн тоглолтоо тэд Италитай хийнэ. Хожвол дараагийн шатанд шалгарна.

 

С.Санчир

 

 

 

 


Нүүр хуудас