Баяртай ”Ялагдашгүй Армада”

2014-06-19 08:26:11

Хүн төрөлхтний хөлбөмбөгийн их баяр наадам ДАШТ эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Багууд Монголын цагаар уржигдар шөнөөс хэсгийн хоёр дахь удаагийн тоглолтуудаа хийж эхэлсэн. Урд шөнө В хэсгийн хоёр тоглолтоос гадна А хэсгийн сүүлийн нэг тоглолт явагдлаа. Тодруулбал, энэ хүрээнд Голланд-Австрали, Испани-Чили, Камерун-Хорватын шигшээ багууд ногоон талбайд хүчээ үзсэн юм.

 

Нисдэг Голланд үзүүштэй хөлбөмбөг үзүүлэв

 

Эхний тоглолтдоо Испанийн шигшээг 5-1-ээр бут ниргээд байсан Голландчууд өнгөрсөн шөнийн тоглолтод ч бас хүчирхэг хэвээрээ байлаа. Гэхдээ тэдний өрсөлдөгч Австрали тийм ч амар бууж өгөөгүй. Тоглолтын эхний үед Ариен Робен гоолдож, 1-0-ээр тоглолтыг хошуучилж эхэлсэн ч энэхүү тэргүүлэл ердөө 70 секунд үргэлжилсэн юм. Тодруулбал, голландчуудыг гоолын баяраа ч гүйцэд тэмдэглэж амжаагүй байхад нь Австралийн шигшээн “амьд домог” Тим Кэйхил хариу гоолыг хийсэн. Австраличуудын “гэнэтийн бэлэг” үүгээр ч зогссонгүй. Хоёрдугаар үеийн 54 дэх минутад торгуулийн цохилт хийх эрх олж аван, амжилттай гүйцэтгэснээр Австраличууд тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Гэхдээ “нисдэг голланд” Робин Ван Перси үүнээс ердөө дөрвөн минутын дараа тэнцээний гооолыг хийсэн. Хоёр багийн тоглолт ийнхүү богино хугацаанд харилцан гоол оруулсан байдалтай, маш сонирхолтой өрнөсөн. Фанатууд энэ тоглолтын тав дахь гоолыг тийм ч удаан хүлээсэнгүй. 67 дахь минутад Голландын шигшээн залуу хагас хамгаалагч Мемфис 25 орчим метрийн зайнаас хаалга руу “цөм цохиж” гоолдсон нь багтаа хожлын гурван оноог авчирсан юм. Голландчууд ийнхүү хоёр тоглолтод хоёр хожсоноор хэсгээс гарах тийзээ “өвөртөлсөн”. Харин үүний нөгөө талд Австраличууд нутаг буцах магадлалаа бараг 90 хувьд хүргэсэн.

 

- Нидерландын шигшээ багийн довтлогч Ариен Роббен тоглолтын эхний гоолийг багтаа авчирлаа  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Австрали vs Нидерланд | 2014.06.19 00:35 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

- Нидерландын супер довтлогч, класс Робин Ван Перси тэнцээний гоолийг оруулав  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Австрали vs Нидерланд | 2014.06.19 01:22 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

Тоглолтын дэлгэрэнгүй тоймыг эндээс орж уншина уу.

 

Испани нутаг буцах тийзээ авлаа

 

Өнгөрсөн шөнийн тоглолтуудын хамгийн том сенсаци. Дэлхийн аварга, европын аварга Испанийн шигшээ баг хэсгээсээ гарах найдлаггүй болж, хожигдол хүлээснээр нутаг буцах тийзээ захиаллаа. “Ялагдашгүй Армада” энэ удаад Чилийн шигшээ багт 2-0-ээр хожигдлоо. Жил жилийн дэлхийн аваргад өмнөх аваргууд муу тоглодог гэх статистик ийнхүү Испанийн шигшээд ч биелэгдлээ. Уг нь “Ялагдашгүй Армада”-д дэлхийн шилдэг хөлбөмбөгчид, супер одод бүгд л цугладгаараа цугласан. Тэдний дасгалжуулагч Vicente DEL BOSQUE энэ удаагийн тоглолтод шигшээн уламжлалт хэв маягийг эрс өөрчлөхийг хичээж, Шави Эрнандез болон Жеррард Пикэй нарыг сэлгээнд суулгасан. Мөн хоёрдугаар үе эхлээд Шави Алонсог ч сэлгээнд суулгаж, Санти Касорла, Коке нарын залуусыг оруулж ирсэн. Гэсэн хэдий ч Испанийн хүчирхэг бүрэлдэхүүн Чилийн хамгаалалтыг барсангүй. Испанийн хүчирхэг багтай хамт Австраличууд мөн ДАШТ-ийг дуусгах нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн ДАШТ эхэлснээс хойш нутаг буцах тийзээ өвөртөлсөн эхний хоёр багийн нэр тодорлоо. Нэг нь Австрали, нөгөө нь өмнөх жилийн аварга Испани.

 

- Чилийн шигшээ багийн довтлогч Eduardo Vargas тоглолтын эхний гоолийг багтаа авчирлаа  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Испани vs Чили | 2014.06.19 03:25 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

- Чилийн хагас хамгаалагч Charles Aranguiz тоглолтын хоёрдахь гоолийг 43 дахь минутанд орууллаа  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Испани vs Чили | 2014.06.19 03:47 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

- Испанийн "Ялагдашгүй Армада" хоёр хожигдож нутгийн зүг дарвуулаа дэлгэв -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Испани vs Чили | 2014.06.19 03:47 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

Тоглолтын дэлгэрэнгүй тоймыг эндээс уншина уу.

 

Хорватын “зовлонгүй” хожил 

 

Энэ удаагийн ДАШТ-д чамгүй хүчтэй өрсөлдөнө хэмээн хүлээгдэж байсан Камеруны шигшээ амжилт муутай явна. Тэд өмнө нь Мексикийн шигшээтэй хангалтгүй тоглолт хийж, 1-0-ээр хожигдсон бол өнөөдөр Хорватын шигшээ 4-0-ээр хожигдлоо. Ийнхүү хожигдол хүлээснээр Камерун ч бас ДАШТ-ийг албан бусаар дуусгах багуудын нэг болж байна. Тэд энэ ДАШТ-д тоглож эхэлнээсээ хойш ямар нэгэн байдлаар гоол оруулаагүй байгаа. Мөн ДАШТ-ий хүрээнд болсон нөхөрсөг тоглолт, урьдчилсан тоглолтуудыг оролцуулаад сүүлийн таван тоглолтдоо нэг ч хожоогүй тааруу амжилттай яваа юм. Камеруны “Номхоршгүй арслан”-г ийнхүү Хорватын шигшээ баг бүрэн номхрууллаа. Гоолуудыг Марио Манзукич, Ивица Олич болон Иван Пересич нар хийсэн. Хорват ийнхүү хожил байгуулснаар А хэсгээс гарах боломжоо хадгалж үлдэж чадлаа. 

 

- Хорватын шигшээ багийн Ivan Perisic тоглолтын хоёрдахь гоолийг оруулж буй мөч -

- Бразил 2014 | А Хэсгийн тоглолт | Камерун vs Хорват | 2014.06.19 06:47 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

- Камеруны шигшээ багийг буулган авсан Хорватын "Арслангууд" ялалтаа тэмдэглэж байна -

- Бразил 2014 | А Хэсгийн тоглолт | Камерун vs Хорват | 2014.06.19 06:47 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

Л.Дэлгэр

 

А, В хэсгийн явц | Хэсгийн тоглолтуудын явцыг эндээс орж үзнэ үү

 

 

 


Нүүр хуудас