Америкчууд ДАШТ-д ач холбогдол өгөхгүй байна

2014-06-18 11:50:00

Эдгээр өдрүүдэд хөлбөмбөгийн ДАШТ Бразил улсад зохиогдож байгаа. Дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөж буй хүн төрөлхтний хамгийн их үздэг спортын оргил тэмцээнийг оролцогч орнуудын хөгжөөн дэмжигчид уухайлан дэмжсээр байна.

 

Гэхдээ Америкчууд шигшээ багтаа төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа талаар “Дэйли Мэйл”-д бичжээ. АНУ-ын үндэсний баг Ганын хаалганд эхний гоолыг оруулах үед Америкийн бүс нутгаас “Твиттер” хуудаст нэг минутад ердөө 147 мянган жиргээ бүртгэгджээ. Гэтэл бусад орны хөгжөөн дэмжигчид тоглолт бүрт доод тал нь 4.9 сая удаа “Твиттер”-т энэ тухай жиргэж байгаа юм.

 

Одоогоор Твиттерт бүртгэгдээд буй дээд амжилт бол нэг тоглолтын турш тухайн хоёр багийн тухай 12.2 сая жиргээ хүлээж аваад байгаа үзүүлэлт юм. ДАШТ 2014-ийн талаар идэвхтэй жиргэж буй 150 улс бүртгэгдсэн төдийгүй Бразилын багийн супер од, довтлогч Неймарын хувийн аккаунт гэхэд л 165 мянган шинэ дагагчтай болжээ.

АНУ-д хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулах эрхтэй хэд хэдэн телевиз байгаа бөгөөд “ESPN” тэдний дундаас хамгийн давуу эрхтэй телевиз аж. Гэвч Америкчуудын багийнхаа тоглолтыг шууд хүлээн авч үзэж буй идэвх 2010 онтой харьцуулахад 25 хувиар буурсан үзүүлэлт ажиглагджээ.

 

Эсрэгээр Голланд, Испани, ОХУ, Бельгийн “жиргээ”-чид ДАШТ-ий тухай цахим орчинд хамгийн идэвхтэй санал бодлоо солилцож байна.

 

Т.Бат


Нүүр хуудас