Хөлбөмбөгийн ертөнц дэх сонирхолтой үсний засалтууд

2014-06-17 17:22:15

Хөлбөмбөгийн ДАШТ бүр өөр өөрийн онцлогтой. Гоол, ялалт, цомын эзэд, улс орон гэх мэт. Өнгөрсөн зуунаас эхлэлтэй хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэн үе цагуудад янз бүрийн содон үйл явдал өрнөж байсны нэг нь үсний засалт. Оролцож буй орны баг тамирчид этгээд үсний засалтаар сэтгэл хөдлөлөө илэрхийлж, үүний нөлөөгөөр дэлхий даяар хүүхэд багачууд даган дууриах үзэгдэл бий болжээ.

 

Боби Чарлтон

Английн шигшээ багийн шилдэг довтлогч Сер Боби Чарлтон багаа ДАШТ-ий цомд анх удаа түрүүлэхэд чухал үүрэгтэй тоглогч юм. Тэрбээр 28 настайдаа буюу ДАШТ-д оролцох үедээ үсээ ийн засуулж, дэлхий даяар шинэ хэв маяг авч ирж байжээ.

Урт үст Сократес

Хөлбөмбөгт урт усны хэв маягийг оруулж ирсэн анхны тоглогч бол Бразилийн шигшээ багийн тоглогч асан Сократес юм. Тэрбээр 1982-1986 онд ДАШТ-д шигшээ багийнхаа хамт оролцсон бөгөөд урт үстэй талбайд гарснаар дэлхий нийтэд ийм чиг хандлага тэр даруй түгжээ.

Гэзэгт Марсело Балбао

АНУ-ын хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрээ үлдээсэн олон арван шилдэг тоглогч байсны нэг нь Марсело Балбао юм. Тэрбээр хөлбөмбөгчдийн дунд гэзэг тавьж, шинэ хэв маяг бий болгож байв. Зөвхөн үсний засалт гэлтгүй өмсгөлөө элдэв янзаар урлаж, загварыг нь өөрчилдөг имижтэй тамирчин байжээ.

Буржгар Карлос

Орчин цагийн хөлбөмбөгчдийн дунд буржгар үсний засалт ихээр ажиглагддаг. Энэ засалтыг үндэслэгч бол Колумбын шигшээ багийн домогт тамирчин агсан Карлос Валдерама билээ. Тэрээр Колумбын шигшээ багийн хамт гурван ДАШТ-д зодоглож, өндөр амжилт үзүүлсэн нэгэн юм. Сэтгэл хөдлөлөө хэнээс ч нуудаггүй байсан Карлос Валдерамаг залгамжлах чансаатай тамирчин өнөөг хэр нь Колумбаас гараагүй л байна.

Халимаг засалт

Анх хөлбөмбөгт халимаг үсний засалтыг олонд сонирхуулсан эрхэм бол Мексикийн багийн хаалгач Хорге Гампос билээ. “Эль Три” хочит Гампос “АНУ-94”, “Франц 98” ДАШТ-д тус бүр оролцож байсан юм. Анх 16 настайдаа мэргэжлийн тамирчны хувиар шигшээ багтаа дуудагдсан тэрээр даруухан хийгээд чамин үсний засалтаар гангардаг байв.

Багаараа ижилсдэг “мода”

Хөлбөмбөгт үндсэн өмсгөлөөс өөр элдэв хэрэглэл зүүх эрхгүй тул тамирчид бусдаас сондгойрохын тулд ихэвчлэн үсээрээ “оролддог”. Тамирчид зөвхөн ганц нэгээрээ үсээ содон засахаас гадна багаараа адилхан үсний засалттай талбайд гарах явдал их байв. Үүнийг анх 1998 оны ДАШТ-д Румыны шигшээ баг туршиж байжээ. Тэд үсээ шараар будуулан, “шар дэгдээхэйнүүд” хоч хүртэл авч байв. Амбицтай, хүчирхэг тамирчдыг бүрдүүлсэн шар үстнүүд “G” хэсгийг тэргүүлэн, Англи, Колумб, Тунисыг хожин нэгээр шалгарч байжээ.

Ногоон бүргэд

Үсний засалтаа элдвээр өөрчилдөг тамирчдыг хар тивийн төлөөллүүд тэргүүлнэ. Францад зохиогдсон 1998 оны ДАШТ-д Нигерийн шигшээ багийн хамгаалагч Тарибо Уэст үзэгчдийн анхаарлыг эрс татахуйц, хачирхалтай үсний засалтыг талбайд толилуулжээ. Тэрбээр үсээ хоёр хувааж сүлжин, ногоон өнгөөр будуулжээ. Тэрбээр Интер болон Милан багуудад нийт найман улирлыг өнгөрөөсөн тамирчин юм.

“Бүдүүн” Роналдо

Хөлбөмбөгийн ертөнцөд асар том түүхийн эзэн суух Роналдо Лемагийн тухай мэдэхгүй хүн үгүй. Тэрбээр 2002 онд шигшээ багаа аварга цолонд хүрэхэд үнэлж баршгүй гавъяа байгуулсан эрхэм билээ. Түүний “спорт халимаг” гэж нэршсэн үсний засалт тэр даруйдаа дэлхий даяарх хүүхэд багачуудын гол брэнд болсон түүхтэй.

Загварлаг Бекхэм

Энэ хүн бол зөвхөн хөлбөмбөгт бус загварын ертөнцөд шинэ хэв маяг, өнгө төрх бий болгодгоороо алдартай нэгэн. Английн хөлбөмбөгийн оргил үеүүдийн нэгт хамаарах Дэвид Бекхэм карьерийнхаа ид үед хэвлэлийнхний гол анхаарлыг татдаг байлаа. Тэр ч байтугай бэлтгэлийн үеэр сэтгүүлчдийг дуудан үсний шинэ засалтаа танилцуулж байсан удаатай. Английн шигшээ багийн домогт хагас хамгаалагчийн уг спорт засалт одоо хүртэл  дэлхий даяар хэв маягаа хадгалсаар буй.

 

Т.Батсугар

 

 


Нүүр хуудас