Европын холбоонд “5G” интернэт нэвтэрнэ

2014-06-18 07:30:00

Техник технологийн хурдтай өсөлтийн дүнд интернэтийн хамгийн хурдан үйлчилгээг хүн амын төвлөрөл, сошиал соёлын томоохон нутаг дэвсгэрүүд шаардах болсон. Тэгвэл үүний дагуу хурдтай “5G” интернэт нэвтрүүлэхээр зэхэж буй Өмнөд Солонгосын технологийг Европын холбоо өөрийн нутаг дэвсгэртээ турших гэж байна. Европын холбооны эрх баригчид БНСУ-ын “5G” интернэт сүлжээний инженерийн багийг хөлслөн авч ажиллуулахаар болжээ. Сөүл 2020 он гэхэд “5G” интернэтийг эх нутагтаа бүрэн ашиглаж эхлэх төслөө аль хэдийн эхлүүлсэн юм.

Азийн орнуудад эдийн засаг хурдацтай өсч тэр хэрээр интернэт сүлжээний эрэлт нэмэгдсээр байна. Харин БНСУ-ын засаг захиргаа “Samsung” корпорацитай хамтран “5G” сүлжээг нэвтрүүлэхээр гүйцэтгэлийн ажилдаа шуурхайлан ороод байгаа тухай дээр дурьдсан.

 

Үүнтэй холбоотойгоор Европын холбоо БНСУ-ын хэрэгжүүлж буй уг төслийг ихэд сонирхон Сөүлтэй энэ чиглэлээр хамтран ажиллах болсноо “Euro news” агентлагаар дамжуулан уламжиллаа.

 

 Европ одоог хэр нь “GSM” технологи ашигладаг. Тэд гар утасны мобайл сүлжээний оригиналь буюу анхны хувилбарыг тэртээ 1990 оноос хойш өнөөг хүртэл ашиглаж байна. Гэтэл сүүлийн жилүүдэд АНУ, Азийн орнууд 4G сүлжээнд шилжиж, хөгшин тив хоцрогдоход хүрсэн юм.

 

Тиймээс Европын холбоо “5G” мобайл сүлжээг бүс нутагтаа нэвтрүүлж, интернэт хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг өнөө цагтай нийцүүлэхээр ажиллаж эхэлсэн байна.

 

Дундаж багтаамжтай киног “4G” интернэтээр зургаан минутад татаж авдаг бол шинээр тавигдах “5G” интернэт уг файлыг ердөө зургаан секундэд хэрэглэгчийн төхөөрөмжид татаж суулгах боломжтой.

 

Европын холбооны харилцаа холбоо хариуцсан мэргэжилтэн Неели Кроес “Шинээр тавигдах “5G” сүлжээ нь дижитал эдийн засаг дахь сошиал ертөнцийн цоо шинэ хувьсал” гэж мэдэгдэв.

 

Кроесын мэдэгдэж буйгаар БНСУ, Европын холбоо энэхүү гэрээнд аль хэдийн тохиролцсон бөгөөд 2015 оны эцэс гэхэд Европт “5G” сүлжээ нэвтрэх гэнэ. 

 

Одоогоор Европын харилцаа холбооны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй “Alcatel Lucent”, “Deutsche Telekom”, “Telefonica”, “Orange” зэрэг үүрэн телефоны операторууд энэхүү “5G” интернэт сүлжээнд нэгдэх болсныг мэдэгджээ.

 

Европын холбоо эхний ээлжинд энэ оны арван хоёрдугаар сард 953 сая ам.долларыг төслийн судалгааны ажилд зарцуулах бол ирэх долоон жилийн хугацаанд энэ секторт гурван тэрбум евро нэмж төсөвлөх юм байна.

 

Дашрамд дуулгахад Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч “Huawei” корпораци “5G” интернэт сүлжээний судалгааны төсөлд 600 сая ам.доллар зарцуулаад байна. Тэд 2020 оноос “5G” интернэт хүлээн авах төлөвлөгөө тавьжээ.

 

 Т.Батсугар

 


Нүүр хуудас