Байгаль орчинд ээлтэй машин хүрээлэн буй орчныг сайжруулахад ямар нөлөөтэй вэ

2014-04-11 11:36:51

Та байгаль орчинд ээлтэй машин жолооддог бол нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах, бохирдлыг бууруулахад тус нэмэр болж байна гэсэн үг. Түүнчлэн байгаль орчинд ээлтэй машин барьснаар озоны төвшинг хамгаалах, цаашлаад дэлхий дээрх бүхий л амьд зүйлсийг үр хойчдоо хамгаалан үлдээж чадах юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн тулгамдсан асуудлуудын нэг болоод буй дэлхийн дулааралд ч мөн байгаль орчинд ээлтэй эко-машин тус болж чадна. Өнөөдөр этанол, цахилгаан, био дизель, байгалийн хий гээд олон төрлийн байгаль орчинд ээлтэй машин худалдаалагдаж байна.

Үүнээс та амьдарч буй газартаа тохируулан түлшний хэрэгцээ аль их байгаа машиныг сонгох боломжтой. Автомашинаас гарах утаа агаарын бохирдлын эх үүсвэр учраас байгальд орчинд ээлтэй машин сонгох бас нэгэн шалтгаан нь энэ юм. Агаарын бохирдлын хамгийн гол нөлөөлөл нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй байдал. Амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн системийн өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчнүүдийн тархалт, тохиолдлын төвшинг ихэсгэх, улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах (үр хөврөл гэмтэх, дутуу төрөх), хүүхдийн дархлаа, өсөлт хөгжилтийг бууруулах, ядрах сульдах, хорт хавдар үүсгэх зэрэгт сөрөг нөлөөтэй байдаг нь олон улсын болон манай орны эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны дүнгээс тодорхой харагддаг. 2004-2005 оны үед томоохон автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашины төрөл дээр өрсөлдөж эхэлсэн. Үүнд гол түлхэц болсон зүйлүүд гэвэл дэлхийн дулаарал, “Toyota”- Prius-ийн амжилт, газрын тосны үнийн өсөлт, хүмүүсийн “эко” хандлага зэрэг юм. Машины утаатай хамт хаягддаг нүүрс хүчлийн хийг багасгах талаар дэлхийн улс орнууд ч эрчимтэй арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хятад улс л гэхэд эко машинуудыг таксинд хэрэглэхээр болж байгаа бол Европын холбоо байгальд ээлтэй машин үйлдвэрлэх шаардлагыг автомашин үйлдвэрлэгчдэд тавьж байна. Европын холбооны тогтоосон журмаар, 2020 он гэхэд Германы гудамжаар сая гаруй цахилгаан хөдөлгүүртэй машин давхих аж. Түүнчлэн 2020 он гэхэд 100 км тутамд гарах нүүрсхүчлийн хий гаргалтыг одоо байгаа 163 гр-аас 98 гр буюу 75 хувь болтол бууруулах шаардлагыг тавьж байгаа юм. Түүнчлэн цахилгаан хөдөлгүүрт автомашины зах зээлийг дэмжихийн тулд татварын хөнгөлөлт, нүүрсхүчлийн хий их гаргадаг машинд торгууль тавих зэрэг бусад арга хэмжээнүүд авах шаардлагатай гэнэ. Ингээд танд ирэх жилүүдэд танилцуулахаар төлөвлөгдөөд байгаа болон “Форбес” сэтгүүлээс шалгаруулсан одоо худалдаанд байгаа 2014 оны байгальд орчинд ээлтэй “эко” машинуудыг танилцуулъя.

 

Хүлээлт:

Bentley

“Bentley” өнгөрсөн ням гаригт Хятадад болсон олон улсын автомашины үзэсгэлэнгийн үеэр шинэ технологийг нэвтрүүлж, анхны эко машинаа үйлдвэрлэх гэж байгаа талаар мэдэгджээ. Ирэх хоёр жилийн дотор “цэнэглэдэг цахилгаан хосолмол хөдөлгүүрт” /Plug-in Electric Hybrid/ тансаг зэрэглэлийн машинаа танилцуулахаар зэхэж байгаа юм байна. Тус компани Их Британийн 2020 он гэхэд автомашины түлшний хэрэглээг багасгаж, нүүрсхүчлийн хийн гаралтыг 70 хувь хүртэл бууруулах гэх мэт 10 зорилтын есийг энэхүү машин хангаж байгаа юм. Тансаг зэрэглэлийн машин үйлд- вэрлэгч “Bentley” нь “Toyota”-ийн хосолмол хө- дөлгүүрт “Prius” загварын машины технологийг давах байгальд орчинд ээлтэй шилдэг машин болно гэдэгт итгэлтэй байгаа аж. Энэ машин нь ердийн бензинээр цахилгаан мото- рыг цэнэглэх эсвэл тусгай цэнэглэгчээр цахилгаан эрчим хүчээр цэнэглэх гэсэн хоёр сонголттой байх гэнэ.

Бүрэн цэнэглэсэн тохиолдолд 148 км дангаараа явах хүчин чадалтай аж. Энэ нь түлш ашигласнаас хамаагүй илүү буюу 27 км илүү явна гэсэн үг. 270 км/цагийн хурдтай, дээд хурд нь 5.1 секундэд 99 км/цаг хурдлах чадалтай. 6.75 литрийн багтаамжтай “V8” бензин хөдөлгүүртэй. Цахилгаан эрчим хүчээр ажиллах эхний үйлдвэрлэлийн машиныг 2017 онд танилцуулах бөгөөд “4x4” спорт машиныг шинэчлэн сайжруулсан дөрөв дэх загвар байх аж. Энэхүү машиныг 110 мянган ам.доллараар худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд зах зээл дээрх хамгийн тансаг, хамгийн хүчирхэг төдийгүй байгаль орчинд хамгийн ээлтэй машинд байх болно компанийнхан таамаглаж байна. Энэхүү загварын машиныг эхний ээлжинд 3000 хувь борлуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

 

BMW

Германы авто машин үйлдвэрлэгч “BMW” компанийн 100 жилийн ой ирэх 2016 онд тохиож байгааг тохиолдуулан “M1 Series” цувралынхаа үргэлжлэл болсон бүхний дээд “M1” спорт машинаа гаргахаар болжээ. Албан ёсоор “M8” хэмээн нэрийдэж худалдаанд гаргах тус машин нь 1250 кг байх бөгөөд 600-650 морины хүчин чадалтай, хосолмол хөдөлгүүрт байгальд ээлтэй супер машин болох гэнэ.

 

2014 оны шилдэг 5 эко машин

 

1. Smart Fortwo ED

Цахилгаан хөдөлгүүрт энэхүү машин нь хоёр жил дараалан байгаль орчинд хамгийн ээлтэй машинаар тодорсон байна. 50 кВт-ын цахилгаан хөдөлгүүртэй, дээд хурд 130 км/цаг. Бүрэн цэнэглэсэн зайгаараа 136 км явах боломжтой. Гэрийн нөхцөлд 6-8 цагийн дотор цэнэгээ бүрэн авдаг. Үнэ ханшийн хувьд 20 мянган еврогоос эхэлж байгаа.

2. Toyota Prius C

Дэлхийн зах зээлд хосолмол хөдөлгүүрт буюу "hybrid' төрлийн машин үйлдвэрлэлээрээ тэргүүлж буй “Toyota” корпорац “Pruis” загвараа жил бүр шинэчилж байгаа билээ. С" гэдэг нь "city" буюу хот гэсэн үгийн товчлол аж. Учир нь энэ загвар нь өмнөх загваруудаа бодвол хотын замд илүү тохирсон дэгжин хийцтэйгээс гадна анхны загвараа бодвол 22 инч богинохон ч доторхи зай нь 50 хувиар нэмэгдсэн байна. Уг машин шатахуунгүй болсон тохиолдолд бүтэн цаг хотын гудамжаар чөлөөтэй давхих боломжтой болсон нь өмнөх загвараасаа илүүрхэх хамгийн гол давуу тал гэнэ.

3. Nissan LEAF

“Nissan” -ы “LEAF” хэмээх цахилгаан автомашин нь дэлхийн хамгийн анхны хорт хий ялгаруулдаггүй автомашинаар тодорч байсан. “LEAF” нь 2009 оны наймдугаар сарын 2-нд танилцуулагдсан бөгөөд таван хүний суудалтай, 160 орчим км туулах чадвартай суудлын автомашин юм. Үнийн хувьд 33 мянган ам.доллароос эхэлж байгаа бөгөөд татвар төлөх шаардлагагүй тул ихэнх худалдан авагчдын сонирхолд нийцдэг. “Nissan-LEAF” нь түүнээс хойш гарсан “FORD-Focus Electric”- тэй өрсөлддөг байна.

4. Mitsubishi Mirage

“Mitsubishi Mirage” загварын автомашины зургаа дахь үе болох энэхүү эко машиныг 2011 онд танилцуулж, 2012 оноос худалдаанд гаргаж байжээ. Энэхүү машин нь 74 морины хүчин чадалтай, 1.2 литрийн гурван цилиндртэй. 17 мянган ам.доллароор зах зээлд худалдагдаж байгаа.

5. Subaru R1E

Цахилгаан автомашины гол сул тал бол дахин цэнэглэх хүртэл туулах замын хэмжээ юм. Харин “Subaru R1E” нь үүнийг өөрчлөхөд ихээхэн хувь нэмэр оруулсан. Хоёр хүний суудалтай жижигхэн (Smart ForTwo- гээс 50см орчим урт) цахилгаан автомашины дээд хурд нь 110км\ц бөгөөд 80 км зам туулах чадвартай юм байна. Энгийн цахилгаанаар найман цаг орчим цэнэглэхэд бүрэн цэнэглэгддэг байна.


Нүүр хуудас