Өндөрхааныг Чингис хот болгоё

2013-07-10 10:28:35

Эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтийнхэн аймгийн төвөө Чингис хот гэж нэрлэх саналтай байна. Засаг захиргааны хуучин хуваарийн дагуу Өндөрхаан нэртэй байсан бол өдгөө шинэ хуулиар Хэрлэн сум гэдэг. Аймгийн төвүүдийг сум болгож, Дархан, Эрдэнэт хотыг аймаг болгосон энэ хууль монголчуудын сэтгэлд хүрээгүй, амьдралаас тасархай хууль болсон нь араасаа ихээхэн шүүмжлэл дагуулдаг. Саяхан болж өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Элбэгдоржийг иргэдтэй уулзах үеэр эл саналыг Хэнтий аймгийнхан уламжилж байсныг тэрээр ихэд нааштай хүлээн авч, Чингис хааны түүхэн цолгцолбор байгуулах бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж байсан билээ.

 

Ер нь социализмын үед Дорнод аймгийн төвийг Чойбалсан, Сэлэнгийг Сүхбаатар, Өвөрхангайн төвийг бүр Арвайхээр хэмээн нэрлэсэн нь одоо ч олны дунд хэвээр байна. Иймээс их хааны алдраар нэрлэсэн нэгэн хот Монгол Улсад байх нь зүйд нийцнэ. Ялангуяа төрт ёс, түүхэн уламжлалт зан заншлаа дэлхийн соёлын өвд өөрийн нэрээр мөнхлөхийн төлөө улам өрсөлдөх болсон өнөө цагт энэ нь хойшлуулшгүй шийдвэрлэвэл зохих асуудлын нэг мөн болов уу. Иймээс Хэнтий аймгийн ард иргэдийн дунд энэ талаар санал асуулга явуулахаар болсноо тус аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав хэлэв.

 

А.Ариун


Нүүр хуудас