Цагаан сар бол бухимдлын баяр биш

2014-01-25 10:42:00

Цагаан сарын баяр бол зөвхөн настай хүмүүсийн баяр биш. Би ч залуу хүн юм чинь, манайх ч залуу гэр бүл юм чинь гээд цагаан сар тэмдэглэхгүй, ач холбогдол өгөхгүй байх нь бий. Тэгвэл цагаан сарын баярын мөн чанар нь юу вэ.

 

Цагаан сараар бэлэг өгөх хэрэггүй, үнэтэй ууц тавьж яах вэ дээ, айл хэсч яахын бэ гэх зэргээр ярьдаг. Эдгээр үгс бол цагаан сарын мөн чанарыг ойлголгүй, үндэсний баяраа үл ойшоож байгаа хэрэг юм. Оргилуун дарс, баярын бялуугүй шинэ жилийг хэн ч төсөөлж чаддаггүй. Тэгсэн мөртлөө цагаан сарынхаа бүхий л зүйлийг хориглох хэрэг байна уу. Бэлэг өгч байна гэдэг нь ирсэн зочдынхоо гарыг тэнгэр өөд харуулж, билгэтэй сайн өдөр буян хийж байгаагийн нэр. Гэтэл буян хийх хэрэггүй хэмээн хориглохоос гадна үнэтэй бэлэг, хятад бэлэг, муу бэлэг, гараас гарт дамжсан бэлэг гэгчээр үзэж өгвөл ямар ч буян болж чадахгүй нь ойлгомжтой.

 

 

Дээрээс нь нэг нэгнийхээ дээр гарах гэж идээ будаагаа засдаг болж гэх юм. Ер нь цагаан сарын өдрүүдэд элбэг дэлбэг байх нь тухайн жилийнхээ өнгийг засч байгаа хэрэг гэдгийг манай зурхайч, шашны зүтгэлтнүүд хэлдэг. Тиймээс баян чинээлэг гэж хөөрөхгүй, ядуу зүдүү байна гэж гутарч гунихгүй уламжлалт цагаан сарын баяраа хүндэтгэн тэмдэглэж, сайхан таваг, идээ будаа засч байгаа хүнээс суралцах хэрэгтэй биш гэж үү. Хэдий нас залуу гээд цагаан сарыг тоохгүй байгаа ч нэг л өдөр настан буурай шигээ тавгийн идээгээ засч, үр хүүхэд, хань ижил, хамаатан садныхаа өмнө хүндэтгэлийн суудалд суун, бусдыг хүндлэх, бусдаар хүндлүүлэх цаг хугацаа бүгдэд нь ирнэ хэмээн “Манба Дацан” хийдийн тэргүүн, билгүүн номч хамба лам Д.Нацагдорж хэлж байлаа. Тэрбээр мөн “Цагаан сар бол монголчуудын уугуул үндэсний баяр гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид өнгөрсөн олон жил гадаадын баярыг тухайн орондоо бараг бүдгэрчихсэн байхад нь түүнийг маш яруу тодоор хөгжүүлж, нутагшуулсан ард түмэн. Тэгчихээд өөрийнхөө үндэснийхээ баяраар илүү дутуу зүйл ярьдагаа болих хэрэгтэй. Харин үндэсний баяраараа бахархаж, сурч, судлах хэрэгтэй” гэсэн юм.

 

Цагаан сарын баяр бол хамгийн гол нь ихэс дээдэс, аав ээж, ахан дүүсээ хүндэлдэг ураг садны баяр. Гэтэл залуучууд айл хэсэхээсээ төвөгшөөж байгаа нь энэ баярын утга учрыг эвдэж байх шиг. Авга ах, нагац ахаа ч бараг ялгаж чадахгүй хүүхэд залуус цагаан сарын өдрүүдэд л төрөл саднаа мэдэх учиртай. Ахмад буурлуудын хэлж буйгаар цагаан сараар хамаатан ахан дүүсээрээ уулзахдаа энэ онд бидний хэн нь сайн үйл хийж, санаж бодууштай зүйл хийж явна гэдгийг бичиж, хүн бүр цагаан сараар удмынхаа номыг бичиж, түүхээ арвижуулдаг гэдэг. Тиймээс ч монголчууд цагаан сарыг ураг садны баяр болгож, түүх намтраа бичсээр ирсэн. Одоо гурван үеийн намтараа ч бичиж чадахаа больсон энэ үед цагаан сарыг ургийн баяр болгож тэмдэглэх нь юу юунаас ч илүү чухал байна.

 

Цагаар сараар өчнөөн мөнгө төгрөг зарчихлаа гэж харамсах биш харин ч сайхан идээ будаа засч ахмад буурлаа хүндлэн, үр хүүхдээ хүлээж авахад бэлэн боллоо гэж бодвол цагаан сар стресстдэг баяр биш болно.

 

М.Сувд


Нүүр хуудас