Орлого бол өнөөдрийн аз жаргалаараа худалдаж авсан мөнгө юм билээ

2014-01-15 12:49:33

Аль хэдийнээс л түүнийг яагаад тэр сайхан ажлаа орхиод малчин болсон юм бэ гэж асуумаар санагддаг байсан юм. Гэхдээ Бэгзээ ах юм чинь алдаатай сонголт хийгээгүй нь лав гэж боддог байв. Нацагдоржийн нэрэмжит хотын номын санд 1998-2012 онд сууж байсан уншигчид түүнийг андахгүй. Номын сангийн олон зуун уншигчид түүнийг зүс танихаас цаашгүй мөртлөө Бэгзээ ах л гэж дуудна. Миний хувьд ч мөн адил. Олон жилийн өмнөөс мэдэх  болсон ч толгой дохин мэнд мэдэх төдий танил. Гэхдээ л түүнд нэг сайхан чанар байдаг нь анзаарагддаг юм. Ингээд олон үг нуршилгүй компьютерийн программист, зөв хооллолтын хувийн зөвлөх, малчин, эмнэлгийн алиалагчийн сайн дурын ажилтан Ж.Бэгзсүрэнтэй уншигчдаа уулзуулья. Ярилцлага амттай, бас өгөөжтэй байна гэдгийг танд амлая.

 

“ӨРХИЙН ТӨСӨВТӨӨ ХЭЗЭЭ Ч ҮНЭЛЖ БОЛДОГГҮЙ ЗҮЙЛЭЭ БИ 0 ГЭЖ ТЭМДЭГЛЭДЭГ”

 

-Та аль нутгийн хүн билээ?

-Би Сүхбаатар аймгийн хүн. 1994 онд Баруун-Урт хотод аравдугаар ангиа төгс­сөн. МУИС-ийн хуваарийг авч ирээд, математик уу компютер уу гэсэн мэргэжлээ сонгох болоход шинэ юм гээд компьютер программ хан­гамжийн ангид орж байсан юм. Тэ­гээд  сургуулиа  төгсөнгүүтээ но­­мын санд ажилд орсон. 14 жил ажил­лаад, 2012 онд ажлаасаа гар­сан. Яагаад ажлаасаа гарсан бэ гэ­хээр ер нь байдлыг өөрчлөе л гэж бодсон. Учир нь номын санд ажил­ласан хэвээрээ байвал ца­лингаа яаж амьдралдаа хүргэх вэ гэдэг асуу­дал байгаа юм. Ах нь 2010 онд хагал­гаанд орсон юм. Тэр үеэс л бодсон доо. Яавал эрүүл мэндээ зөв авч явах вэ гэж. Би эрүүл мэн­дээ алдан байж ажиллаж байгаа юм байна гэдгээ ойлгосон. Тэгээд са­наанд­гүйгээр зөв хоололтын газар эх­нэрийнхээ хүсэлтээр суралцаж эхэл­­сэн. Эрүүл байх боломж байдаг юм байна, түүнийг ашиглая л гэж бод­­сон хэрэг. Энэ маань явсаар өөрс­дийн гэрээ эрүүл амьдралын клуб болгох хүртлээ өргөжүүлсөн. Одоо жил гаруй клубээ ажиллуулж байна. Ах нь чамд нэг зүйл сонир­хуулья. Манай гэр бүлийн сүүлийн 12 жилийн орлого, зарлагын бүртгэл бай­даг юм. /тэрээр өрхийн төсвийн прог­раммыг өөрөө зохиожээ/ Энд орлого зарлагаасаа их байгаа биз. Үүнийг бид  орлого гэж боддог бай­тал энэ бол үнэндээ эрүүл мэндээ, хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цагаа ал­даж олсон мөнгө юм билээ. Тэгэхээр ийм маягаар амьдарч болохгүй юм байна гэж дүгнэсэн. Юуны төлөө орлого олж байгаа юм. Түүнийгээ юунд зарж байгаа юм бэ гэдэг их учир утгатай байх ёстой юм байна гэж ойлгосон. Одоо чи хар л даа. Хоёр саяар нь олоод, хоёр саяар нь зарж байгаа биз дээ. Бидэнд одоо мөнгө хураах хэрэггүй болсон. Учир нь, өдөр бүрийг эрч хүчээ алдахгүй амьдрахад л амьдралын утга учир байгаа байхгүй юу. Өмнө нь бол өдөр бүрийг мөнгө хураахын төлөө амьдардаг байжээ. Тэр бол утгагүй юм байна. Тэгж амьдрахаараа хү­мүүс амьдралын бусад зүйлийг олж харахаа больчихдог. Учир нь өглөө гараад л өглөө ирж байгаа юм чинь яаж бусад зүйлийг анзаарах вэ. Тэгэхээр мөнгө гэдэг зүйл орж ирээд, зөв зүйлдээ зарцуулагдаад гарч байх ёстой.

 

-Хүмүүс үр хүүхдэдээ юм үл­дээх гэж ярьдаг нь өөр ойлголт уу?

-Одоо бол бие нь эрүүл, ухаан нь саруул хүн үнэлэгдэж байна. Түүнээс биш их мөнгөтэй хүн үнэлэгдэхгүй. Тэгэхээр би 12 жилийн дараа аравдугаар ангиа төгсөх охиндоо зориулж одоо тэдэн төгрөг хэрэгтэй гэж цуглуулах утга байхгүй. Бид “Хас” банкны ирээдүйн саятан хадгаламж гарч ирж байхад нээлгэж байсан л даа. Үр дүнг нь хараад больсон. Харин тэр мөн­гөөр хүүхдэдээ шим тэжээлтэй хоолыг нь өгье гэж бодсон. Хүүхэд эрүүл өсөхөөрөө аяндаа тэтгэлэг хөтөлбөрүүдэд нь шалгараад, хүсч байгаа мэргэжлээрээ сурна. Эс­вэл магадгүй тарван жилийн да­раа их дээд боловсрол гэдэг зү­гээр компьютерээр сурдаг болж болно. Одоо ч тийм зүйл бай­даг. Шинэ Зеландаас ирсэн хүн­тэй ярьж байхад гэртээ арван жи­лийнхээ боловсролыг эзэмшээд, нэг шалгалт өгдөг юм байна. Түү­нийг л өгч чадах юм бол зохих бо­ловсролоо эзэмшсэн байна гээд гэрчилгээг нь өгдөг. Энэ мэт систем Мон­голд орж ирэхгүй ч гэсэн сур­галтын арга барил өөрчлөгдөж таар­на. Ямар ч гэсэн энэ хэвээрээ байхгүй нь тодорхой учраас мөнгө хад­галаад хэрэггүй гэсэн санаа. Гэхдээ боломжтой айл нь мөнгө хад­галахыг буруу гэж байгаа юм биш шүү дээ. Хүн ер нь өөрийнхөө амьд­ралыг ямар ухаанаар авч явах нь тэр хүний л хэрэг. Миний хувьд хүүхдэдээ мөнгө хадгалснаас одоогийнх нь эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийе гэж байгаа юм.

 

-Та өрхийн төсвийн програм­маа нийтийн хэрэглээнд гаргах бодол байдаг уу?

-Өрхийн төсвийн программыг би анх 2003 онд зохиож байсан юм. Анх өрхийн төсвөө цаасан дээр би­чиж байснаа программ зохиосон хэрэг. Хүмүүс үүнийг асуудаг. Гэхдээ аваад хэрэглэж чаддаггүй. Учир нь би анхнаасаа нийтэд зориулж хий­гээгүй болохоор хэрэглэхэд нэлээд түвэгтэй байдаг шиг байна лээ. Тиймээс өөр залуустай баг болж энэ программыг  сайжруулан өрх бүрийн хэрэглээ болгох хүсэлтэй байгаа.

 

-Хүмүүс эрүүл мэнд чухал гэж ярьдаг мөртлөө амьдрал дээр хэрэгжүүлдэг нь цөөн. “Ялан­гуяа монголчууд арай дэн­дүү. Болохоо больсон хойноо ир­дэг” гэж эмч нар өмнө нь ч хэл­дэг байсан. Одоо ч хэлдэг. Ха­рин та эрүүл мэндийнхээ тө­лөө амьдралын хэмнэлээ эрс өөрч­лөхөд юу нөлөөлөв?

-Өрхийн төсвийн программ дотор эрүүл мэндийн зардал тус­даа гэж байдаг юм. Эндээс хара­хад эрүүл мэндийн зардал өсөх ханд­лагатай болсон. Тиймээс бид урьдчилан сэргийлэх дээрээ ан­хааръя гэж бодсон. Би гурван жи­лийн өмнө хагалгаанд орохоос өмнө буюу бүр долоон настай байхаасаа миний цагаан  мах эргэдэг байснаа би санаж байгаа юм. Өөрөөр хэл­бэл, бүр багад байсан энэ эмгэг 35 настай байхад хагалгаанд орох хэмжээнд хүргэж байгаа нь бид эрүүл  мэнд гэдэг зүйлийг тоо­доггүй юм байна. Түүнчлэн миний эхнэрийн хөлийнх нь судас өргөссөн. Хүүхдүүдийн хоолой нь их өвддөг. Энэ юутай холбоотойг өмнө нь ухаж ойлгох гэдэггүй байж. Энэ бүхний үндэс нь хүн биеэ хэр ойлгож байгаатай холбоотой байгаа байхгүй юу. Хумсаа мэрээд байдаг хүүхэд байдаг даа. Тэр нь ямар нэг эрдэс бодис дутагдсаных. Сууж байх­даа өвдгөө саваад байдаг хүү­хэд бий. Тэр бол зүрх судасны үйл ажиллагаа нь хэвийн биш учраас  нэг гажиг байна шүү гэж бие нь өө­рөө сануулаад байгаа хэрэг. Энэ мэт биеийн илэрхийллүүдийг хүн тоодоггүй. Хүн хоногийн 24 цагийн­хаа 8-10 цагийг унтаж өнгөрүүлдэг. Үлд­сэн хэдэн цагийг л хүн зөв зо­хис­той өнгөрүүлж сурах хэрэгтэй байгаа юм.

 

-Хүн эрүүл мэндээ бодохгүй биш боддог. Тэгээд хичээдэг. Гэх­дээ хэсэг хугацааны дараа эр­г­ээд назгай амьдралынхаа хэв маяг руу гулгаад орчихдог. Яаж та ийм нарийн хөтлөлт хийж, түүгээрээ амьдарч хэвшив. Ба­гийн системтэй хүмүүжил байна уу?

-Хүнээс айж явах л хэрэгтэй байдаг юм. Жишээ нь би ааваасаа их айдаг хүүхэд байж. Би буруу зүйл хийвэл аав муухай харах ч юм уу, зэмлэвэл дахин ийм зүйл хийхгүй шүү гэж боддог. Ер нь монголчууд бие биеээсээ айдаг хүмүүс байсан. Хот айлд гэхэд нэг айдаг лам лам юм уу маарамба байж. Эсвэл айдаг өвөө байж. Буруу зүйл хийх юм бол намайг зэмлэнэ шүү гэж түүнээс айна. Одоо айдаг хүнгүй болсон уч­раас амьдралынхаа хэв маягийг хад­галж чадахгүй байна гэж би боддог. Би айдаг гэж “сонин” үгээр хэлж байгаа юм л даа. Үнэндээ тэр хүнийг хүндэтгэдэг байж болно. Тэр хүн үнэхээр зөв зүйл хэлдэг учраас үгийг нь дагадаг байж болно. Бид амьдралдаа зорилготой явах юм бол хэвшүүлж чадна. Тэр нь тодорхой биш байвал хэрэгжүүлэх гэж байгаад больдог байж магадгүй.

 

Өмнө нь би зүгээр зах гарахдаа зарлагаа бичдэг байсан. Сүүлд гэр бүл болоод 4000 төгрөгөөс өр­хийн орлогоо бичиж эхэлсэн бай­даг. Эхний мөнгийг автобусанд өгөөд эхэлсэн байдаг юм. Анх юуг, хэрхэн худалдаж авснаа хөтөлдөг байсан бол одоо өрхийн төсвийн программ дотор хэзээ бид баярлав, хэзээ хоорондоо муудав, хэзээ манай үнээ тугалав гэдгээ хүртэл бичиж тэмдэглэдэг болсон. Хэзээ ч үнэлж болдоггүй зүйлээ би 0 гэж тэмдэглэдэг.

 

ӨНГӨРСӨН ХУГАЦААНД МАНАЙД 600 ГАРУЙ ГАДААД НАЙЗ ИРСЭН

 

-Та одоо гэрт амьдраад, гад­наа мал ахуйтай болж. Эндээс ха­рахад таны эрүүл амьдралын эрэл эргээд монгол ахуй руу оруулсан юм аа?

-Тэгэлгүй яахав. Бид хүний амьд­ралаас сургамж авч, алдаа гар­га­хгүйн төлөө амьдардаг боло­хоос биш тэр хүний гаргасан алдааг давтаж гаргаад байвал таны нас ч хүрэхгүй гэдэг үг байдаг юм. Энэ үүднээс бид ахмад үеэсээ сурах зүйл их. Наад зах нь монголчууд ая­гаа яагаад долоодог байсан юм бэ. Шар тосыг яагаад намар биш өвөл, хавар иддэг юм бэ гэх мэт бүгд цаанаа учиртай. Эрүүл байх үндэс бол олон зүйлийг сурч мэдэхэд л байгаа юм. Гэхдээ бид өнгөрсөн үеэсээ л сурна орчин үеийн юм бол хэрэггүй гэж байгаа юм биш. Хөгжлөөрөө хэдэн арван жилээр түрүүлсэн гадаад хүмүүсээс их суралцана. Сая хэдэн япон манайд ирэхэд японуудын хүнс үнэхээр боловсруулсан эд гэдэг нь харагдаж байгаа юм.

 

Чипсийг  хүртэл хуруундаа углаж иддэг маягаар хийж байх жишээтэй. Идэх юмаа хүртэл тоглоом болгож байгаа байхгүй юу. Саяхан манай хүү “АПУ”-гаас зарласан зургийн уралдаанд ороод эхний шалгаруулалтад тэнц­сэн чинь “Фрутта”-гийн хий­жүүлсэн ундаа өгсөн байгаа юм. Гэтэл манайхан үүнийг хэн уух вэ гэж хоорондоо ярьж байна шүү дээ. Хэдэн жилийн өмнө бол уралдаад уучихна. Ер нь бидэнд хоол ундаа сонгож идэх мэдлэг их хэрэгтэй байна. Жимс авлаа гэхэд чанар дээр нь эргэлзэж байх жишээтэй. Манай гэр бүлд түлхүү орж ирж байгаа хүнс бол бүхэл үр тарианы төрөл болж байна.

 

-Хольцгүй юу?

-Жишээ нь сая таны идсэн шиг хөц будааг чанаад, жаахан шар тос, элсэн чихэр холиод идэж болно. Би бол шар тосгүй иддэг. Учир нь, надад дотор өөх их байдаг.

 

-Мах бага хэрэглэж байна уу?

-Харьцангуй бага хэрэглэж байгаа. Гэхдээ л манайх багадаа өнгөрсөн жил нэг бүтэн адууны мах идсэн шүү дээ. /инээв/

 

-Танайд байнга гадаадын жуулчид зочилдгийг фэйс­бүү­кээс тань мэднэ. Тэ­дэнтэй анх ямар байдлаар холбогдов?

-2008 оноос гадаад хүмүүс ирдэг болсон юм. Би номын санд 14 жил ажиллахдаа есөн улсад 12 удаа явсан байдаг юм. Тэгэхэд надад юу ажиглагдсан бэ гэхээр газар мэдэхгүй учраас нэг тийшээ явъя гэхээр чадахгүй. Арван хэдэн жилийн өмнөх явдал учраас интернэт нэг их хэрэглэхийг мэдэхгүй, явахынхаа өмнө төлөвлөж мэддэггүй байж л дээ. Нисэх буудлаас очих газраа хүртэл хүнээс туслалцаа авдаг. Үүнээс үүдэлтэйгээр Монголд ирж байгаа гадаадуудтай яаж уулзах вэ гэдэг асуултад хүрч байгаа юм. Нэг өдөр номын сан дээр нэг уншигч маань ирээд “ нэг америк хүн гэр хороололд очъё гээд байх юм. Та аваачихгүй юм уу” гэхээр нь зөвшөөрсөн. Түүнийг Эндрью гэдэг юм. Түүнээс “Чи монголчуудтай яаж холбогдсон бэ” гэтэл аялагчдыг орон нутгийн иргэдтэй холбох вэбээр /сouchsurfing/ дамжин холбогдсон” гэхээр нь би тэр дор нь тэр вэбэд өөрийгөө бүртгүүлээд гадаад хүмүүсийг гэртээ ирүүлдэг болсон. Гэртээ авчирна гэдэг нь чи битгий зочид буудалд буу, манайд бай гэдэг утгаар биш. Манайд нэг хоноод бусад үед нь хаана буудаллаж, хаагуур аялах нь тэр хүний хэрэг. Би тэр хүний мөнгийг хэмнэх гэж биш тэр хүнтэй найз болох гэж урьдаг. Өнгөрсөн хугацаанд манайд 600-гаад хүн ирээд байна.

 

-Олон хүн иржээ?

-Хүн ганцаараа ч, олуулаа ч ирэх нь бий. Нэг удаа бүр 11-үүлээ ирж байсан. Найман хүүхэдтэй эхнэр нөхөр хоёр, аавтайгаа ирж байсан. Тэр Шинэ Зеландын айл гэр бүлээрээ ирэхэд гоё байгаа байхгүй юу. Гэхдээ би хүмүүстэй санаандгүй танилцдаггүй. Тухайн хүн Монголд ямар зорилгоор ирж байгаа юм. Тэр хүн юу сонирхдог юм бэ. Манайд ирээд үнэхээр хөгжилтэй байх нь уу. Хэдий насны, ямар мэргэжилтэй хүн бэ гэдгийг захианаас нь уншиж байгаад зөвшөөрөх эсэхээ шийддэг. Түүнээс биш хүсэлт тавьсан хүн болгоныг ирүүлэхгүй шүү дээ. Ер нь хэн хэндээ л тусалж байгаа хэрэг юм.

 

-Та тэднийг гэртээ хонуулсны­хаа төлөө мөнгө авдаг уу?

-Couchsurfing бол мөнгө асууж болдоггүй систем. Дэлхий нийтийн хүмүүсийн зочломтгой байдлыг дэмжсэн вэб хуудас. Тий­мээс манайд ирж байгаа хү­мүүс миний найзууд шиг л ирдэг. Найзууд бэлэг авч ирдэг биз дээ. Хэрвээ тийм бэлэгтэй ирвэл авч болохгүй гэсэн зүйл байхгүй.  Ер нь монголчуудын хаал­га нь цуургагүй, үргэлж нээлттэй байсан уламжлалтай адил учраас надад энэ вэбийн үйл ажиллагаа таалагддаг.

 

-Гаднын хүмүүсээс олж авдаг гол зүйл юу байдаг вэ?

-Манайд ирж байгаа хүмүү­сээс авдаг хамгийн сайхан зүйл бол инээд хөөр. Хүүхдүүдтэй тоглоод инээнэ, хоол хийхдээ инээнэ. Бид дандаа гэр бүлдээ инээд хөөртэй байж чадахгүй шүү дээ. Тэр хүмүүсийн тусламжтай баяр баясалтай байдаг. Тэгээд ч гадаадынхан дунд дүмбийгээд суугаад байдаг хүн байдаггүй юм. Мөн орон орны хүмүүсийн хоол хийх жор технологийг нь сурч авдаг. Тэд амьдралаа яаж өөрчлөхийг хүсдэг тухай бас ярина үү дээ. Тэгснээр гаднын шинэ технологи, арга ажиллагааг мэдэж авдаг. Жишээ нь, сүүлийн үед аялагчид хаана байгааг нь заадаг багаж зүүж явдаг болсон. Түүнийгээ гэрийн гадаа асаагаад тавьчихаар анивчаад байна. “Энэ яаж байгаа юм бэ” гэхээр уртраг өргөргийн тэд дээр нь байна гэдгийг хэлдэг юм байна. Ер нь их юм сурдаг юм даа.

 

-Англи хэлийг  та хэзээ сурсан юм бэ?

-Би арван жилдээ нэг жил англи хэлний дугуйланд явсан. Их сургуулийн дөрвөн жил бас суралцсан. Тэгээд ч компьютерийн чиглэлийн мэр­гэжил маань англиар их унших шаардлагатай байсан. Ер нь би компьютерийн аль ч программын help цэсийг заавал уншдаг хүү­хэд байсан. Номын санд ажилд орсны дараа Соросын сангийн тэтгэлэгтэй гурван сарын дунд шатны эрчимжүүлсэн курст сур­сан. Тэгэхэд яриандаа нэлээд сай­жирсан. Одоо гадаад хүмүүс гэрт ирдэг болсноос хойш үгийн сан баяжиж, алдаанаас айхгүй ярьдаг болсон. Надад практик л англи хэл сурахад их дэм болсон гэж боддог. Манай хоёрдугаар ангийн охин бол одоо гаднынхантай миний туслалцаагүйгээр ойлголц­дог шүү.

 

ЭМНЭЛГИЙН АЛИАЛАГЧИЙН ҮҮРЭГ БОЛ ХҮҮХДИЙГ ИНЭЭЛГЭХ НЬ ГОЛ БИШ. ЗОВИУРЫГ НЬ МАРТУУЛАХ НЬ ЧУХАЛ

 

-Та өнгөрсөн зүйлийнхээ тоо­цоог гаргадаг шигээ ирээ­дүйг хэр төлөвлөдөг вэ?

-Надад ёстой тийм зан чанар байдаггүй. Тийм ч учраас би мөнгө хурааж, ирээдүйд гэрээ зараад гурван өрөө байранд орно доо. Эсвэл би машин лизингээр авна даа гэж боддоггүй. Надад тийм том зорилт байдаггүй. Харин надад амьдралын өдөр тутамд байгаа зүйлийг сайжруулахыг нь сайжруулаад явъя л гэж бодогддог. Тэр үүднээсээ амьдрал өдөр тутамдаа өөрчлөгдөөд байгаа. Миний хамгийн том зорилт бол үхэр тэргээр Монголыг тойрно гэдэг зорилт. Манай эхнэр хамт явна гэж байгаа. Бид нэг газарт очоод тэр дороо нүүхгүй. Хэдэн сар тэндээ амьдраад, цаашаа нүүнэ. Миний амьдралын сүүлийн он жилүүд тийм байх болов уу гэж боддог.

 

-Магадгүй хүн өнөөдрөөрөө амьдрах нь ирээдүйн аз жаргалыг бүтээхийн эхлэл юм болов уу?

-Өнөөдрөөрөө амьдрах гэдэг үгэнд би дургүй. Түүнийг би өдөр болгон аз жаргалыг мэдэр гэдэг талаас нь ярьж байгаа юм.

 

-Гэхдээ таныг төлөвлө­гөөгүй хүн  ч гэж хэлэхгүй. Аливаад их зарчимч ханддаг санагдсан?

-Багаасаа төлөвшсөн зүйл байх. Цагийн юмыг цагт нь л хийхгүй бол овоорохоороо  ядаргаанд оруулчихаж байгаа шүү дээ. Өдөр тутмын зүйлээ бол төлөвлөж байх нь зөв л дөө. Жишээ нь, маргааш гэхэд би Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмнэлгийн алиалагчийн ажлаа таван цаг хийнэ шүү дээ.

 

-Тийм мэргэжил байдаг юм уу?

-Сайн дурын ажил юм. Манайд анх удаа ийм мэргэжилтэн бэлтгэх тухай зарлал байхаар нь сонирхоод очсон. Гадаадын сургагч багш маань намайг чиний царай төрх болох юм байна. Та их инээдэмтэй царайтай юм байна гэсэн. Тэгээд эмнэлгийн алиалагчийн сургалтад суусан. Эмнэлгийн алиалагч бол циркийн алиалагчаас өөр.

 

-Эмнэлэгт байгаа хүүхдүү­дэд алиална гэсэн үг үү?

-Хүүхдийг инээлгэх нь гол биш. Зовиурыг нь мартуулах нь чухал учраас хүүхдийг мэдэрч тоглодог. 12 алиалагч бэлтгэснээс нэг нь би болсон. Энэ мэтээр амьдралын өдөр бүрийг өөр өөрөөр байлгая гэж би боддог. Тиймээс  “Монгол гэрт амьдрах нь өдөр бүр өөр өөр байх үндэс” гэж би ярилцлага өгч байсан юм. Яагаад вэ гэхээр байшингийн амьдрал хүнийг суугаа, хашигдмал байдалд авчирдаг. Гэрт бол хаалга нээхэд л өөр байдаг. Хаалганы цаана нохой гүйж явж болно, хашааны хаалга савлаж байж болно. Байншингийн хаалгыг нээхэд коридор л харагдана шүү дээ. Надад эргэлт буцалтгүй шийдсэн зүйл гэвэл ямар ч тохиолдолд гэрт амьдрах нь зайлшгүй. Машинтай болохгүй нь зайлшгүй. Би хэдэн сая төгрөгтэй болсон ч би машин авахгүй.

 

-Эрүүл амьдрахад хотын амьдрал саад болж байна уу?

-Хаана ч сайн муу тал байна. Хөдөө ч сул тал байгаа. Хотод байгаа хүмүүсийн амьдралыг сайжруулах хэмжээний үйлдлийг бид хийгээд тэр хүн дараагийн хүндээ туслах хэмжээнд болгох ёстой. Түүнээс биш та нар ингээд утаандаа байж бай би хөдөө явж сайхан амьдарлаа гээд явж болохгүй. Тиймээс амьдарч байгаа нөхцөлөө муу гэхээс илүү түүнийг сайжруулах нөхцөлийг хайх хэрэгтэй.

 

-Таны гол дутагдал юу вэ?

-Би их ууртай шүү дээ. Багаасаа л тийм байсан. Тиймээс уур гэдэг зүйл яагаад надад бий болсон юм бол гэж их боддог болсон юм. Хүн эхээс ууртай төрөхгүй шүү дээ. Гендээ л байдаггүй юм бол. Өссөн орчин нөхцөлд буруу өгөхөөсөө илүүтэйгээр би хүний бие яаж бүтээгдэж байна вэ гэдэг талаас нь бодох болсон. Хүн үг хэлэхээр бодохын оронд уурлаад байна шүү дээ. Тэгэхээр тархин дотор нэг юм болоод байгаа биз. Энэ талаар эрдэмтэд хангалттай судлаад хэлж байна. “Та тархиндаа тэжээлийг нь өг. Хушга гэдэг самрыг байнга идэж бай. Тархиа битгий усаар дутаа. Тархины тань тал нь ус, тал нь тосноос бүрддэг юм аа. Тархиа гашилсан тосоор биш загасны тосоор дүүргэ” гэж хэлээд байгаа байхгүй юу. Энэ мэт хүний бие юугаар тэжээгддэг нь зан ааштай холбоотой юм байна гэж ойлгож байгаа. Ер нь бие нь эрүүл хүн хэзээ ч уурладаггүй л байхгүй юу. Жишээ нь тарган, туранхай хоёр хүнд нэг ижил үг хэлэхэд, тарган  хүн нь түрүүлж уурлаж таарна. Тэр бол найдвартай. Харин эрүүл хүн бол түүнийг шоглоом гэж ойлгоод инээгээд өнгөрдөг. Ингээд бодоод үзэх юм бол хүний эрүүл мэнд, хоол, зан ааш хоорондоо холбоотой юм байна.

 

-Ер нь өнгөрсөн хугацаанд таны эрүүл мэндэд хэр өөрчлөлт гарав?

-Гэр клуб ажиллуулдаг болс­ноор хүнд туслахаасаа гадна өөртөө тусалж байгаа юм. Шатар мэддэггүй хүн шатар заахгүйтэй адил. Хүнд биологийн нас гэж байдаг. Анх би хэмжилт хийхэд миний биологийн нас 57 байсан. Харин одоо биологийн насаа 30 нас хүртэл нь залуужуулж чадсан. Мөн жингээ зохицуулж сурснаар эрүүл мэнд хадгалагддаг юм байна. Миний шинэ оны нэг зорилт би спортоор хичээллэе гэж бодож байгаа. Дугуй, сэлэлт, гүйлт нийлсэн триатлоны спортоор хичээллэх алхмаа энэ жилээс хийнэ. Би багаасаа элэг муутай хүүхэд байсан учраас биеийн тамирын хичээлд ордоггүй байсан. Тиймээс багаасаа үсэрч наадаж, тоглодоггүй байсан. Харин одоо бол чадна. Учир нь элэг гэдэг эрхтэн шинэчлэгддэг гэдгийг ойлгосон. Хүн үнэхээр мэрийхэд хоёр жилийн дотор эрүүл элэгтэй болно. Хугарсан яс эдгэдэгтэй адил. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг үг байдаг. Харин би буцаад эхнээс нь хийж байна гэх юм уу даа. Уг нь би дөрвөн хүүхэдтэй болчихлоо, гэрээ засчихлаа. Одоо төрөө засъя гэх гэтэл буцаад бие рүүгээ ордог байгаа. /инээв/

 

Д.ПҮРЭВСҮРЭН

 


Нүүр хуудас